Х.Оргил
02 сарын 28, 2020
Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ коронавирусын халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг гаргалаа.
Тус захирамжид зааснаар 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудаас 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулах, тус захирамжид хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг дээр дурьдсан нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад зөвшөөрөн ажиллахыг үүрэг болгосон байна.
Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдөр буюу 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа юм.
Та бүхэнд Хотын даргын гаргасан захирамжийг танилцуулья.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.10.22.53] ・ 2020.02.29 Хариулах
Бага насны хүүхэдтэй эхчүүдэд анхаарч хандсан арга хэмжээ авч байгаад талархаж байна. Нэмж хэлэхэд эдгээр эхчүүдийг шөнө, оройн цагаар гэр, ажлаас нь хол газар эргүүл жижүүрт гаргаж байгаа нь ажлаас нь илүү эрсдэл дагуулж байгааг анхаарч зохицуулах хэрэгтэй байна. Үүнийг яаралтай шийднэ гэдэгт итгэж байна шүү