АИ-92 бензин нь шаардлага хангаагүй 6 ШТС-д ногдуулсан шийтгэлийг шүүх хэвээр үлдээжээ

Б.Баясгалан
10 сарын 26, 2019

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 онд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгж /Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК/-үүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлэхэд шинжилгээний үр дүнгээр дээрхи 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлогдсон.

Дээрх 9 аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Шийтгэл ногдуулсантай холбогдуулан 8 аж ахуйн нэгж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан ба шүүхээс 6 аж ахуйн нэгжид ногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.