Ж.Эрдэнэбат: Зарим бие даагчийн саналын тоон дээр таслал бичигдсэн ч саналын дүнд алдаа байхгүй

Б.Баясгалан
06 сарын 26, 2020

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчид өнөөдөр мэдээлэл хийж, "Сонгуулийн дүнг хөндлөнгөөс хакердсан. Ялангуяа тойрог тус бүртээ өндөр рейтингтэй байсан бие даагч нарын авсан саналын тоог хоёрт хуваасан нь таслалтай харагдсан. Санал тоолох төхөөрөмжид таслалын формат байхгүй" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр сонгуулийн албан ёсны дүнг танилцуулах үеэр Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат "Саналын тоонд цэг таслал орж ирсэн, саналын тоо бүхэл байх ёстой гэсэн яриа нэлээд гарч байна. Бид мэдээллийг дэлгэцээр шууд дамжуулсан. Яриад буй энэ таслал нь мянганы таслал юм. Зарим бие даагч мянгаас дээш санал авахад саналын тоон дээр нь таслал гарч ирсэн. Ингэнгүүт эрэмбэлэдэг функц ажиллахгүй, дараалалгүйгээр шууд гаргаад ирсэн. Үүний тоон утга нь яг хэвээрээ. Ямар нэгэн тоон дээр өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. 

Дээрээс нь санал тоолох төхөөрөмж шууд дүнгээ гаргахад билл бүхий цаас дээр бүх ажиглагчид дүнг хэвлэж өгсөн. Мөн хяналтын тооллогыг хангалттай олон газар буюу санал авах 800 гаруй байранд хийсэн. Иймд сонгуулийн дүнд ямар нэгэн алдаа  байхгүй" хэмээн тайлбарлалаа.

Холбоотой сэдвүүд

сех сонгуулийн дүн сонгууль2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.