Хэрвээ тэр таны хүүхэд байсан бол зургийг нь сошиалд тавих байсан уу

Тусламж хэрэгтэй хүүхдэд халуун сэтгэлээр хандаж тусалж бололгүй яахав. Гэхдээ үүнээс өмнө заавал бодож, тунгааж, мэдэх ёстой ойлголт бий. Тусалж байна гээд хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг гарган, нийгмийн сүлжээнд цацаж, гаргах ёсгүй л гэсэн үг. 

Монголчууд цөөхүүлээ. Хэн нэгний тухай хар бараан түүхийг олоод л мэдчихдэг. “Наад Болдоо, Цэцгээ чинь багадаа...”, “Энэ чинь нөгөө хэн шүү дээ, интернэтээр мэдээг нь харсан уу” гэж ам дамжин шивнэлддэг шүү дээ. Сэтгэл зүйн ийм дарамт насаараа албан бусаар  яллуулж байгаагаас өөрцгүй хатуурхал байгаа биз. 

Өмнө нь зарим сонингийн хуудас дээр шарлаад өнгөрдөг байсан энэ төрлийн мэдээлэл өнөөдөр сошиал буюу нийгмийн сүлжээний талбарт хүчээ авчээ. Нэг талаас хүүхдийн эрхийг хамгаалахад иргэний үүрэг оролцоо сайжирч байгаа ч болгоомжгүй үйлдлээсээ болж бусдын амьдралд нь “хар тамга” дарж байна. 

Үр дагавар нь юу вэ гэж үү, бусдын арай гэж аньж ядаж байгаа сэтгэл зүйн шархыг сэдрээдэг, цаашлаад бусдын амь насаа алдах шалтгаан ч болдог гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Энэ нь хүчирхийллийг бүү мэдэгд гэж байгаа юм биш, харин зохих байгууллагад хандаж мэдээлэх ёстой гэсэн үг. 2020 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага дээр тулгуурлан ярихад хүүхдийн хүчирхийллийн дуудлага 2700 орчим иржээ. 

Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдаас тодрууллаа.

бид хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал дээр уриалга гаргаж байна

/Нийслэлийн ГБХЗХГ-ын дарга Ө.Ган-Өлзий/


Хэвлэл мэдээллийн байгууллага, жирийн иргэд л хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлээд байгаа юм биш. Ард нь хүүхдийн байгууллага ажиллаж, үүнээс хэд дахин тохиолдлыг илрүүлдэг. Өнгөрсөн онд гэхэд 1326 хүүхдийг хамгаалалтад авсан. Гэхдээ бид эдгээр тохиолдлыг зарладаггүй. Энэ бол хүний амьдралын маш эмзэг асуудал, 20-30 түүнээс олон жилийн дараа ч нууцаараа л байх ёстой.  Жишээ нь олон жилийн өмнө хүчирхийлэлд өртсөн бүсгүй өөр аймагт амьдралаа зохиож, сайхан амьдарч байсан ч өмнөх түүхийг хэвлэлээр сөхсөнөөс болоод амиа хорлох дээрээ тулсан жишээ бий. Хэргийн тохиолдол руу хэтэрхий орж нэр ус, зургийг нь гаргах нь хүүхдийн ирээдүйн амьдралд ямар хар сүүдэр тусгахыг төсөөлөхгүй байгаагийн жишээ энэ. Өнөөдөр юу ч тохиолдсон бай, тэр хүүхэд өсөж өндийж, сайхан амьдрах эрхтэй. Тэр замд нь тэдгээр мэдээлэл ямар ч хор нөлөө үзүүлж болно.

Татах жишээ олон бий. Хүүхэд байхдаа асрамж халамжийн төвд амьдарч иргэний зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргачихсан тохиолдол гарлаа. Амжилттай яваа түүний хувьд багынх нь зураг хэвлэлээр гарахыг хараад өөрөө ч, гэр бүлийн хүмүүс нь ч цочирдсон байгаа юм. Үүнээс болоод тухайн гэр бүл салж сарних дээрээ тулсан. Энэ мэтээр хүний эрхийн мэдлэггүйгээсээ болоод цахим ертөнцөд тухайн хүндээ асар их хар түүх үүсгэж байгаагаа мэддэггүй.

Иймээс бид хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал дээр уриалга гаргаж байна.



Тусалж байна гээд хүүхдийн гэрэл зургийн цахим орчинд цацах нь хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг иргэд мэддэггүй

/Нийслэлийн ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга И.Золдэлгэр/

Иргэн бүр ухаалаг гар утастай, үндсэндээ хэвлэн нийтлэгч болчихсон цаг үе ирчихлээ. Энэ үед бид аливаад ухаалаг хандахаас өөр арга алга. Хаа тааралдсан газраа ядруу зүдрүү яваа хүүхдийн царайг харуулаад бичлэг хийж, гэрэл зургийг нь цацчихдаг тохиолдол нэлээн гарч байна. Тэр нь нийгмийн сүлжээгээр шэйрлэгдэж баахан яригддаг. Энэ тохиолдолд тухайн иргэний үүрэг юу байсан бэ гэхээр 102 юм уу 108 руу утасдаж хэлэх үүрэгтэй байдаг. Тохиолдлыг нь аваад үзвэл тухайн хүүхэд ядарсандаа гуйлга гуйгаагүй, ганц удаагийн хүүхдийн болчимгүй үйлдэл ч байж болно. Ийм зүйл ч гарсан удаатай. Тухайн иргэн бичлэг хийж нийгмийн сүлжээнд тарааснаараа тэр хүүхэд цаашид сургуульдаа ч явахад бэрх болно гэдгийг мэддэггүй. Цаашлаад үеийнхэндээ ч ялгаварлан гадуурхагдана. 

Сүүлийн үед иргэд ядарсан нэгэндээ хандив тусламж өрнүүлдэг болсон, энэ нь мэдээж хүн ёсны сайн үйл. Гэвч зураг хөргийг хоол хүнсний тусламжийг авч байгаагаар нь аваад тусласнаа зарчихдаг. Энэ төрлийн зөрчил хөл хорионы үеэр нэлээн гарлаа. 

Бид ийм зөрчлийн дагуу нэлээн хэдэн иргэнд шаардах бичиг өгсөн байгаа. Эцэг эх нь ядуу эсвэл архины хамааралтай байлаа гээд хүүхэд тэр замаар явна гэсэн үг биш шүү дээ. Иргэд өөрсдөө ч анзааралгүйгээр ийм хандлагыг хүүхдэд төрүүлдэг, тэр зам руу түлхдэг. Ер нь хүүхдийн эрх гэхээр тусдаа айхтар зүйл биш шүү дээ. Хэрвээ миний хүүхэд байсан бол гээд бодоод үзээрэй эсвэл тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиад үзэхэд л ойлгомжтой асуудал юм. 


Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх нь амь насыг аврах хэмжээний үүргийг биелүүлж байна гэсэн үг

/Нийслэлийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, сэтгэл зүйч Х.Оюунтуяа/

Аливаа шинэ зүйлийг эерэг хэвшил болгохын тулд иргэн бүрийн оролцоо чухал байдаг. Үүнтэй адилхан сөрөг бүхэнтэй тэмцэхийн тулд мэдрэмжтэй соргог хандаж,  хууль журмын дагуу зохих газарт нь мэдээлэл өгч амь нас, эрүүл мэндийнх нь хувьд хамгаалах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Жишээ нь өнөөдөр хэн нэгэн хүүхэд уйлж байлаа гэхэд, хэн нэгэн эцэг эх хүүхдийн дэргэд архи ууж байлаа гэхэд эдгээрийг мэдээлснээр хүүхдийн амь насыг аврах хэмжээний үүргийг биелүүлж байна гэсэн үг. Зарим нэг ноцтой жишээнээс дурьдах юм бол хүүхдээ хөлдөөд амь насаа алдаж байгааг нь мэдэхгүйгээр архидан согтуурч хүүхдийнхээ амь насыг алдсан явдал бий. 

Тэгэхээр үүнийг хажуу айл, хамар хашааны хүмүүс нь мэдээд дуудлага өгчих юм бол нэг халуун амийг аврах боломж байгаа юм. Хүүхдийн хажууд архидан согтуураад байгааг цагдаагийн дуудлагаар өгдөг. Энэ нь зөрчлийн тухай хуулиараа цагдаагийн байгууллага шалган шийдвэрллэх чигтэй байдаг. Зөрчлийн тухай хуулийн 6.20.7 дахь заалтаар шалган шийдвэрлэгддэг. Тэгээд мэдээлэл өгсний дагуу цагдаагийн байгууллагын ажилтан 300 хүртэлх нэгжээр шалган шийдвэрлэх үүрэгтэй байдаг.


Нэр зургийг нь цацах ёсгүй ч мэдээлэх үүргээ бүү умартаарай

Хэрвээ таны эргэн тойронд амиа хорлох магадлалтай эсвэл хөрш айлынх хүүхдээ хүчирхийлж байгааг мэдвэл та нийгмийн сүлжээнд цацах бус мэргэжлийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Хэрвээ эцэг эх, асран хамгаалагч болон бусад хүмүүс үүргээ биелүүлэхгүй байвал төр оролцдог. Төр оролцоно гэдэг нь хамгаалуулах эрх нь зөрчигдсөн хүүхдэд шаардлагатай үйлчилгээг хууль, журмын дагуу үзүүлнэ гэсэн үг.  Тухайлбал хүүхэд хүчирхийлэлд өртснийг харсан, мэдсэн иргэн мэдээлэх үүргийнхээ дагуу холбогдох мэргэжлийн хүмүүст хэлнэ, хүүхдээ гэмтээж бэртээсэн, хүчирхийлэл үйлдсэн иргэнийг цагдаагийн ажилтан баривчлаж, хохирсон хүүхдэд эмч эмнэлгийн тусламж үзүүлж, нийгмийн ажилтан хүүхэд гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай дэмжлэг тусламжид холбож өгдөг.

Хүүхэд хамгаалах төвд зарим эцэг эхчүүд өөрсдөө ханддаг ч тохиолдол олон гэнэ. “Энэ хүүхэд амиа хорлох нь аваад өгөөч, бид дийлэхгүй нь” гээд авчираад өгчихдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Сэтгэцийн хувьд ингэж хямарсан хүүхдэд туслахын тулд тусгай хамгаалалтад авдаг аж. Энэ нь амиа хорлохоос сэргийлэх бүхий л арга хэмжээ юм. Аюулгүй найдвартай орчноос гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ард нь ажилладаг гэсэн үг. Тэдний ихэнх нь дараа нь хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, асрамж халамжийн төвийг зорьдог. Гэхдээ шарх нь аниагүй учраас дахиад л сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтүүлдэг байна. Овоо эдгэлээ гэтэл эцэг эх нь хүүхдээ санаад байна гээд 2-3 хоног авч явдаг ч эргээд ирэхдээ ахиад л эхнээс нь эмчлэх хэрэг гардаг аж. Нөхцөл байдал иймэрхүү байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 860 хүүхэд энэхүү газарт хүмүүжиж байна. Гэтэл энэхүү 25 асрамжийн газрын 2 нь л улсынх аж.

Холбоотой сэдвүүд

бөаб бөабө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.