Кимчиний шүүс үс уналттай тэмцдэг гэнэ

Г.Сайнзаяа
08 сарын 23, 2019

Гашилсан байцайг төрөл бүрийн амтлагчтай хольж хийдэг энэхүү зуушинд үс уналтын эсрэг бодис агуулагддаг тухай The Sun мэдээлэв. 

Өмнөд Солонгосын Данкукийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар кимчиний шүүс үсний ширхэгийг тэлж, тэр ч бүү хэл хэдхэн долоо хоногийн дотор шинэ үс ургуулж байгааг тогтоожээ. 

Эл судалгаанд үс уналтын төрөл бүрийн зэрэгтэй 23 эрэгтэйг хамруулж, өглөөний цайны өмнө болон унтахын өмнө кимчиний шүүс уулгасан аж. Туршилт 4 сарын турш үргэлжилж, 1 шоо сантимерт хуйхан дахь үс 85 байсан бол эхний сар өнгөрөхөд 90 болж нэмэгдсэн байжээ. Туршилт дуусахад 1 шоо см дахь үсний ширхэг 92 болж өссөн гэнэ. 

Эрдэмтдийн хэлж буйгаар үс уналтад хэрэглэдэг одоогийн бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээ ихэвчлэн хэсэг зуурынх байдаг. “Кимчиний шүүс үсний ургалтыг дэмжиж, халцралыг эмчилдэг. Үүнээс гадна сөрөг нөлөө багатай, байгалийн арга учир урт хугацаанд хэрэглэж болно гэж үзэж байна” хэмээн судалгааны багийн гишүүн дурджээ. 

Кимчи болон бусад ферментжүүлсэн хүнсний пробиотик чанар нь залуу хүмүүсийн ядаргааг тайлж, стресс багасгадагийг тогтоосон билээ.

Холбоотой сэдвүүд

судалгаа эрүүлмэнд үс уналт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.