Х.Оргил
08 сарын 21, 2020
Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Ханын материалын эцэст социализмын үед баригдсан болов уу гэмээр хуучны тоосгон барилга сүндэрлэнэ. Гаднаасаа гял цал, гоё ганган биш ч үүдээр нь орвол тэнд ажил ундарч, монгол инженерүүд “төмөр зам” барьж байх юм. Маньдарын Даваасүрэн захирал намайг угтав. Энэ хүн Монгол Улсын Зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал. Хана дүүрэн татсан “Монголын Улсын бүсчилсэн хөгжлийн зураг” тийш заагаад “Энэ миний өдрийн тэмдэглэл” гэсэн нь зөвлөх инженер хүний л амнаас гарах дорвиун үг дээ гэх бодол зурсхийлгэв.
Уралийн Политехникийн дээд сургуулийг зохион бүтээгч инженер мэргэжлээр төгсөөд 1982 оноос үйлдвэртээ ажилласан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл улсынхаа хөгжлийн төлөө ухаан зарж, санаа уралдуулж ирсэн энэ эрийн “Бэлэн бараа авчраад худалдах тухай би бодож байгаагүй. Харин Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт юугаар дутаж байна вэ гэдэгт л санаа тавьсаар ирсэн” гэж ярих нь 90-ээд оны ганзагын наймаачдаас бүтээн байгуулалтын төлөө зүрхээ зориулаад үлдсэн цөөн эрчүүдийн нэг болохыг илтгэнэ.
“Ган хийц” ХК 13 үйлдвэр байгуулаад байна.
Хамгийн отгон буюу зургаадахь үйлдвэр нь "Төмөр бетонон дэрний үйлдвэр”. Энэ үйлдвэр 2020.08.18-ны өдөр нээлтээ хийсэн.
Социализмын үед 1100 километр төмөр замыг тавхан жилийн дотор барьж чадсан шигээ өнөөдөр ч монголчууд хоёрхон жилийн дотор "Тавантолгой-Зүүнбаян" 416 километр төмөр замыг барьж, энэ оны арваннэгдүгээр сард дуусгахаар өдөр шөнө, өглөө үдэшгүй. Хүйтэн халууны алинд ч хөлсөө урсган зүтгэж байна. Энэ төмөр замын бетонон дэрийг монгол инженерүүд бүтээж буй юм байна. Монголчууд ресь төмрөөс бусад бүгдийг өөрсдөө үйлдвэрлэж байгаа гэнэ.
“Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн “Төмөр замын төмөр бетонон дэр бол чухал субьект. Үүнийг бэлдэхгүйгээр төмөр замын бүтээн байгуулалт явахгүй. Тиймээс бид төмөр бетонон дэрний үйлдвэр байгуулах төслийг 2005 онд боловсруулж 2016 онд Зүүн бүсийн хөгжлийн төв Чойбалсан хотод төмөр замын төмөр бетонон дэрний үйлдвэрийг байгуулсан. Баянтүмэнгээс ОХУ-ын хил хүртэл 238 километр төмөр замын дэр модыг анх сольсон. Харин өнөөдөр Монгол Улсын маш том бүтээн байгуулалт "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын төмөр бетонон дэрийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэн нийлүүлж байна. Энэ бүтээн байгуулалтыг эхлэх шийдвэр 2016 онд гарсан. Энэхүү нүсэр бүтээн байгуулалтын нийт замын урт нь ойролцоогоор 416 км. Гэтэл тухайн үед төмөр замын төмөр бетонон дэр хийх үйлдвэр байгаагүй. Хэрэв гадаадаас төмөр бетонон дэр авсан бол нийтдээ 180 тэрбум төгрөгийг гадаад руу урсгах байсан. Энэ эрсдэлийг тооцоолж Дорнод аймагт Төмөр замын төмөр бетонон дэрний үйлдвэрийг байгуулсан. Ерөөс бидний хийж чаддаг юмыг гадаадаас зөөх гээд байгааг би ойлгодоггүй. Бид хүнээс царай алдаж амьдрах ёсгүй юм шүү дээ.
Монгол хүний ухаанаар л Монгол хөгжих ёстой. Бас монгол эдийн засагтай байж Монгол төрөөр удирдуулах ёстой” гэж ярилаа.
“Ган хийц” ХК-ийн төмөр бетонон дэрний хоёрдахь үйлдвэр тун саяхан Улаанбаатар хотод нээгдэж бүтээгдэхүүнээ гаргаад эхэлжээ. Нээгдээд удаагүй ч найман цагт 272 ширхэг төмөр бетонон дэр үйлдвэрлэж байгаа аж. Дахин нэг шугам ашиглалтад орсноор найман цагт 544 ширхэг, сард 15 мянган төмөр бетонон дэр үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг инженерүүд хэлж байна. Ингээд Улаанбаатар, Дорнодын хоёр үйлдвэрт өдөрт нийтдээ 810 ширхэг, дөрвөн сарын хугацаанд 93 мянган төмөр бетонон дэр үйлдвэрлэх нь.
Мөн Улаанбаатар дахь төмөр бетонон дэрний үйлдвэрт Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам дагуух өндөр хүчдэлийн шугамын бетон шонг үйлдвэрлэж байна. Энэ үйлдвэр инженер, техникийн нийт 29 ажилтантай. Есдүгээр сарын 1-нээс дахин нэг шугамыг ашиглалтад оруулахад 25 хүний ажлын байр шинээр нэмэгдэх юм байна.
XX зууны үед дэлхий нийтээр төмөр замын дэрийг модоор хийдэг байсан. Ингэхийн тулд модыг тайрна, хатаана. Дараа нь тосонд чанах зэргээр ялзрахгүй байлгах арга хэмжээ авсны дараагаар төмөр замд суурилуулдаг байжээ. Технологи хөгжихийн хэрээр дэлхий нийтээрээ дэр модноос татгалзаж төмөр бетонон дэрийг илүүд үзэх болсон байна. Тухайлбал ОХУ-д 2000 оны эхээр дэр модыг төмөр бетонон дэрээр солиод эхэлжээ. Дэр мод 12 жил л ашиглах боломжтой байдаг бол төмөр бетонон дэр 80 жилийн эдэлгээ даадаг байна.
Урд хөрш хурдны галт тэрэгтэй. Энэ галт тэрэгний замыг бүтээн байгуулдаг технологи, техникийг “Ган хийц” ХК-ийн төмөр бетонон дэр үйлдвэрийнхэн тус технологиороо дэлхийд гайхагдсан Англи улсаас Монголд нэвтрүүлжээ. Тэд өнөөдөр хүнд даацын ачаатай хүнд даацын галт тэргийг даах боломжтой, дэлхийн стандартад нийцэх төмөр бетонон дэрийг тэд үйлдвэрлэж байна.
Товчдоо тив, дэлхийд экспортлох чанартай төмөр замын төмөр бетонон дэрийг монгол инженерүүд Ханын материалын эсийн буйдхан үйлдвэртээ бүтээчихэж байна гэдэг бахархам. Бас үйлдвэрийн цэвэрлэгээ, хучилтын машиныг манай инженерүүд өөрсдөө зохион бүтээгээд ажлаа хөнгөвчилчихөж. Энэ мэтчилэн өртөг багаар, өөрсдийн толгойг ажиллуулаад ажлаа хөнгөвчлөөд л...Манайхан сэтгэж байна, чадаж ч байна.
“Дэр бетон” үйлдвэрийн захирал Ц.Пүрэвжаргал “Монгол хүмүүсийн ур ухаан хүч хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа бахархдаг. Цаашид дэмжээд өгвөл инженер нь, инженерийн ухаан нь, технологи нь, үйлдвэр нь байна. Олон улсын зах зээлд өрсөлдөх мөрөөдөл ч бий. Магадгүй Монгол инженерүүд ОХУ-ын төмөр замын дэр модыг солилоо гэвэл гоё биз дээ” хэмээх нь зоримог.
Ц.Пүрэвжаргал захирал 38 настай. Сонгинохайрханд дүүрэгт эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 2003 онд ШУТИС-ийг барилгын инженер мэргэжилтэйгээр төгсөөд “Ган хийц” ХК-даа төмөр хийцийн цехийн инженерээр ажилд оржээ. Өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Түүний адил шижигнэсэн, гар нийлсэн, ухаан саруул олон залуус Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө зүтгэсээр...
Ингэж олон залуус завгүй, зогсоо чөлөөгүй ажиллаж байхад дэлгэцийн араас тэдний хөлсөө урсган буй бүтээн байгуулалтыг “нураах” гэж байдгаараа хичээж суугаа өөр залуус ч байгаа нь харамсалтай. Нүүрсний экспортыг нэмж, тээврийн өртөг зардлыг эрс бууруулах учиртай стратегийн ач холбогдол бүхий “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт улстөржих шалтаг, шалтгаан хангалттай болж байгаа. Саяхан сошиалаар “Өнөө зам нь үерт урсчихсан гэнэ ээ” гээд л баахан сэвэв.
Мөрөөдөл төдий байсан төмөр зам баригдсанаар жилд ойролцоогоор 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох юм. Тэрчлэн гуравдагч орны зах зээл рүү уул уурхайн бүтээгдэхүүнээ хүргэх боломж бидэнд гарна. Уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа сайжрах төдийгүй тэр хэрээр улсад орж ирэх татвар, хураамж нэмэгдэнэ гэсэн үг.
Нүүрсний экспортын шинэ гарцыг энэ төсөл, энэ төмөр зам нээнэ. Энэхүү шинэ чиглэлээр нүүрс тээвэрлэвэл 20 ам.долларын тээврийн орлого олох боломжтой. Нэг жилд 15 сая тонн гэж тооцоход нийт 180 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтойг “Монголын төмөр зам” компани мэдэгдсэн юм. Ингэснээр Хятадын нутагт үлдэх байсан 180 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо шингээх давуу талтай аж.
Энэ мэтчилэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үлэмж үр нөлөөтэй гэж дээрх төмөр замыг үерт урсчихсан мэтээр мушгин гуйвуулж байгаа нь учиртай биз. Монгол инженерүүдийн бүтээж буй төмөр зам үерийн усанд урсаад явчих чанар муутай, аргацаасан, арга ядсан зүйл биш гэдгийг “Ган хийц” ХК-ийн Улаанбаатар дахь дэр бетоны үйлдвэрийн дарга Б.Баттөр хэлж байна.
Тэр1991 онд Москва хотод уул уурхайн сургуульд барилга байгууламжийн инженер мэргэжил эзэмшсэн нэгэн. “Бид төмөр бетонон дэр үйлдвэрлээд шууд нийлүүлэхгүй. Хатаалтын горимоо заавал барина. Үүний дараа лабораториор оруулна. Ингээд стандарт хангаж байвал нийлүүлэлтэд явуулна. Мөн төмөр замын төмөр бетонон дэр үйлдвэрлэхэд гурван хэмжээс гэж хамгийн чухал зүйл байна. Үүнд суулт, зөрөөс огт гарах ёсгүй. Бүгд нэг хэмжээнд нэг налууд байх ёстой. Энэ бүхнийг лабораторид, хяналтын инженерүүд нэг бүрчлэн шалгаж байгаад баталгаажсны дараа хугалж үзнэ. Үүний дараа нийлүүлнэ. Маш олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой учраас чанар маш чухал” гэж ярилаа.
Үерт урссан ганцхан түр замыг бүтээн байгуулалт бүхэлдээ сөнөсөн мэт нэг нь бичиж нөгөөдүүл нь ойлгож буйд инженерүүд сэтгэл дундуур байдаг гэнэ. Зүтгэл дүүрэн ажилчдаа өмөөрч М.Даваасүрэн захирал “Монголын хөрсөнд дээр төмөр бетонон дэр ган хийцээр монголчууд тамгалж үлдээж буй нь бахархам хэрэг биш гэж үү” хэмээсэн.
Нээрэн, 80 жилийн дараа ирээдүй хойч маань “Миний аавын бүтээлцсэн зам шүү дээ” хэмээн бодон, бахархсаар, галт тэрэгний цонхоор бодол тэнүүлэн Эрхүү тийш эрдэм өвөртлөхөөр одох вий...Тийм ээ, тивд экспортлох “төмөр зам”-ыг монгол инженерүүд үйлдвэрлэж, өндөр хөгжлийн буухиаг зурайлгаж байна.
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтанд оролцож буй хамт олны ажилтай танилцаад үнэхээр бахдах сэтгэл төрөв. Энэ жишгээр орондоо л хийж бүтээнэ,цаашид үндэсний нэг ч үйлдвэрүүд нэмж байгуулагдаж дэлхийн зах зээл дээр хүч үзэх л хэрэгтэй байна.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.94.241] ・ 2024.01.22 Хариулах
Ээжээ
Зочин [66.181.190.193] ・ 2021.08.19 Хариулах
Түг түг гэж дуугардаггүй төмөр зам үйлдвэрлэдэг болохыг хүсья
Зочин [66.181.190.193] ・ 2021.08.19 Хариулах
Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан
Зочин [192.82.70.250] ・ 2020.08.22 Хариулах
Ган хийц компаний хамт олноор Даваасүрэн захиралаар бахархаж байна. Та нар чаднаа монгол хүн өөрсдөө бүгдийг хийж чадна. Баярлалаа
Зочин [64.119.27.94] ・ 2020.08.22 Хариулах
Идэх юм идэх
Зочин [64.119.27.94] ・ 2020.08.22 Хариулах
Хавтгай налуу гэж хөөрхөөн хүүхэлдэй бий. Египетийн пирамидуудыг тэгж барьсан. 21-р зуун бумбын эрин
Зочин [202.55.188.87] ・ 2020.08.22 Хариулах
Unexeer daichin mundag xamt olon baxarxaj bna.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа
Д.ЭРДЭНЭТУЯА ・ 08 сарын 02, 2023
Нийгэм
Төмөр зам дахь цагдаагийн газраас анхааруулга гаргалаа
Х.Оргил ・ 07 сарын 12, 2019
Нийгэм
Төмөр замын төслөөс мөнгө завшсан Ли Жонг Ёлыг 40 сая төгрөгөөр торгожээ
Х.Оргил ・ 12 сарын 15, 2018
Улс төр
280 сая доллар завшсан ч 40 сая төгрөгийн торгууль хүлээсэн Солонгосын иргэний талаар хэн юу хэлэв
Х.Оргил ・ 12 сарын 17, 2018
Нийгэм
Төмөр замын засварчин гал тэргэнд мөргүүлж амь насаа алджээ
Х.Оргил ・ 04 сарын 02, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.