Томуугийн вакциныг хийлгэх тохиромжтой үе хэзээ вэ?

ХАНИАД УУ, ТОМУУ ЮУ? 

Ханиад, томуугийн шинж тэмдэг хоорондоо төстэй боловч, ялган оношилж, эмчилгээ хийлгэх нь чухал юм. 

Ханиадны шинж тэмдэг цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушгины хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй. 

Ханиадны шинж тэмдгийг хэрхэн таних вэ? 

Эхний 1-2 хоногт ихэвчлэн хоолой хөндүүрлэдэг бөгөөд энэ шинж тэмдэг аажмаар арилдаг. Цаашлаад нус гоожих, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдэг халдвар авснаас 4-5  хоног үргэлжилдэг. Насанд хүрэгчид халуурах нь ховор байдаг бол хүүхдүүд ханиадны үед халуурах нь түгээмэл. 

Шинж тэмдэг богино хугацаанд илэрч, ойролцоогоор 7 хоногийн хугацаанд арилдаг.

Томуугийн шинж тэмдгийг хэрхэн таних вэ? 

Шинж тэмдэг нь ханиадтай харьцуулахад илүү хүнд явцтай байдаг. Томуугийн халдварын үед хоолой хөндүүрлэж өвдөх, халуурах, толгой өвдөх, булчин зангирч өвдөх, хамар битүүрэх, ханиалгах нь  элбэг. 

Шинж тэмдэг илэрснээс хойш 2-5 хоногийн хугацаанд аажимдаа намждаг. Гэсэн хэдий ч 7 болон түүнээс дээш хоногоор биеийн байдал сайжрахгүй байх тохиолдолд уушгины хатгаа тусах магадлал өндөр байдаг. Үүнд бага насны хүүхдүүд, ахмад настан, уушги, зүрхний өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг. Хатгааны үед халуурах нь түгээмэл бөгөөд халуун буусан ч 1-2 өдрийн дараа дахин халуурна.

Ханиадны адилаар томуугийн вирус бидний хамар, нүд, амны салстаар дамжин биед нэвтэрдэг. 

Томуугийн вакциныг хийлгэх тохиромжтой хугацаа хэзээ вэ? 

Ханиад, томуугийн улирал 10 сараас эхлэн дараа оны 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Харин оргил үе нь арванхоёрдугаар сараас хоёрдугаар сард идэвхэждэг. Тиймээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакциныг хийлгэх нь өвчлөхөөс сэргийлэх үр дүнтэй арга юм. 

Томуугийн вакциныг есдүгээр сарын дунд үеэс эхэлж хийлгэх нь тохиромжтой гэж үздэг. Манай орны хувьд есдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 15-ны хооронд урьдчилан сэргийлэх вакцин хийлгэхийг зөвлөдөг.

Дархлаажуулалт хийснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид вирусээс хамгаалдаг. Вакцинд хамрагдсанаар томуу хүндрэх, бусдад халдвар тараах эрсдэлийг бууруулдаг байна.

Судалгаагаар томуугийн эсрэг вакцин хийлгэснээр зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчний эрсдэлийг бууруулж чадна гэжээ.  

ВАКЦИНЫГ ЯМАР ДАВТАМЖТАЙ хийлгэх вэ? 

Томуугийн вирус маш хурдан хувьсаж, үүсгэгчийн хүрээ өөрчлөгддөг тул өнгөрсөн жил авсан тунгийн нөлөө энэ жил буурсан байх магадлалтай. Иймд томуугийн вирусээс хамгаалахын тулд жил бүр вакцин хийлгэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Бага насны хүүхдүүд, үүн дотроо 1 хүртэлх насны, жирэмсэн эх, 65-аас дээш насныхан болон зарим архаг өвчин эмгэгтэй хүмүүс томуу тусах, хүндрэх эрсдэлтэй байдаг. 

Хүүхдийг зургаан сар хүрсний дараа томуугийн вакцинд хамруулдаг. Анх удаа томуугийн вакцин хийлгэж байгаа хүүхдэд нэг сарын зайтай 2 тун таридаг. Тэдний хувьд 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхэн үед эхний тунгаа тариулахад тохиромжтой. Ялангуяа хүүхдүүдээ хичээлийн жил эхлэхээс өмнө вакцинд хамруулах нь урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм. 

Харин жирэмсэн болон хөхүүл эхийг эмчийн үзлэгт хамруулсны дараа дархлаажуулалт хамруулдаг. Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд томуугийн вакцин хийж болдог. 

Ялангуяа томуугийн улиралд амаржих ээжүүд хамгаалах тун тариулах нь төрсний дараа хүүхдийг томуу тусахаас сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг байна

Эх сурвалж: Time.comOnoshmed.mn

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.