Ц.Магалжав: Би допингтой холбоотой таван бөхийн эрхийг сэргээхийг татгалзсан санал өгсөн

Б.Баясгалан
06 сарын 25, 2019

Допинг хэрэглэсэн 5 бөхийн эрхийг 2020 оны 2 дугаар сарын 1-н хүртэл хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлээд байсан ч Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн долоо хоногт тэдгээр бөхийн барилдах эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн юм. Тодруулбал, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг сэргээсэн. /Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу/

Гэвч өнгөрсөн ням гарагт болсон Наадмын сорилго барилдаанд тэднийг барилдуулахыг бусад бөх нь эсэргүүцэж, барилдуулаагүй билээ.

Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Дээрх 5 бөх албан ёсны шинжилгээнд бид хамрагдсан хэмээy уучлал хүсээд Дархан аварга Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргасан. Тус өргөдөлдөө бид Монгол бөхийнхөө жаяг, жудгийг баримтлаад явъя. Шийтгэлийг багасгаж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. 

Үндэсний бөхийн холбоо 2018 оны 3 дугаар сарын 24-нд хуралдаж, бүх шийдвэрийг холбооны дарга гаргадаг байсан тогтолцоог өөрчилсөн. Улмаар 15 тэргүүлэгчийнхээ олонхын шийдвэрээр тогтоол гаргадаг болсон. Энэ дагуу дээрх бөхчүүдийн эрхийг сэргээх тогтоолыг гаргасан. 15 тэргүүлэгчийн олонх буюу 8 нь бөхчүүдийн эрхийг сэргээхийг дэмжиж, уучлал үзүүлээд бөхийн барилдаанд барилдуулъя гэсэн. 7 нь татгалзсан. Миний бие татгалзсан санал өгсөн. Гэхдээ бид олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн" хэмээлээ.

Ц.Магалжавын мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.

 


Холбоотой сэдвүүд

допинг мүбх ц.магалжав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.