Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
У.Гантөмөр: Тусгай хэрэгцээт хүүхэд байсан ч сонирхлыг нээж илрүүлж чадвал ГАРЦААГҮЙ хөгждөг | Peak News

У.Гантөмөр: Тусгай хэрэгцээт хүүхэд байсан ч сонирхлыг нээж илрүүлж чадвал ГАРЦААГҮЙ хөгждөг

Peak.mn сайтаас бэлтгэн хүргэдэг “Хүний багш” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол Улсын зөвлөх багш, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн бага ангийн багш  У.Гантөмөрийг урьж ярилцлаа.

Тэрбээр анх эмчээс хүүхдийнхээ ялгаатай байдлыг олж мэдээд хэсэгтээ сэтгэлээр унаж, нэг өглөө сэрээд “Хүүхдээ өөрөө л хөгжүүлэх ёстой” хэмээн сэтгэл шулууджээ. Улмаар энэ туршлага дээрээ үндэслэн өдгөө 10 жилийн турш тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй нэгэн юм. Түүний хувьд тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч, боловсорч чадахгүй нийгмээс гадуурхагдаж байгаад сэтгэл хөндүүрлэдэг талаараа бидэнд ярилаа. 

ЯРИЛЦЛАГА ҮЗЭХ: 



Хүүхдийн цагаан цайлган сэтгэл надад багш болох итгэлийг өгсөн

Бага насны хүүхэд яг л цэвэрхэн цаас, цагаан самбар шиг… 

Багш заримдаа зэмлэж, жаахан уурласан ч хичээл дуусаад хаалгаар гарахдаа “Багш аа, баяртай. Сайхан амраарай” гэж л гардаг. Хүүхэд багшдаа гомдол тээж үлдэхээс илүүтэй, маргааш дахиад л инээмсэглээд ирэх итгэлтэй байдаг. Тийм цагаахан сэтгэлтэй, гэгээлэг ертөнцтэй хүүхдүүдийн дэргэд ажиллана гэдэг өөрөө маш их хариуцлага юм шиг санагддаг. Багшийн хэлсэн үг, гаргасан үйлдэл бүр тэр цэвэрхэн “цаасан дээр” үлддэг. Ингэж бид хүүхдийн зан төлөв, ирээдүйн хүмүүжилд нөлөөлдөг. Тийм болохоор хүүхдийн тэр гэнэн, өхөөрдөм зан чанарыг харах бүрд “Эдгээр хүүхдүүдийн итгэлийг алдахгүй юм сан” гэж өөртөө боддог. Магадгүй хүүхдийн тэр л цагаахан, уужим сэтгэл надад багш болох урам зоригийг өгсөн байх.

Хүүхдийг сонирхдог зүйлсээр нь дамжуулж хөгжүүлэх хэрэгтэй

Манай сургуульд 18 тусгай хэрэгцээт хүүхэд бий. Үүнээс зургаа нь манай ангид суралцдаг. 

10 жилийн өмнө хүүхдийнхээ бусдаас ялгаатай байдлыг олж мэдээд, тэр цагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй  ажиллахаар сэтгэл шулуудаж билээ. Эмчээс хүүхдийнхээ оношийг сонссон тэр мөчид тэнгэр хөмөрсөн юм шиг, бүх зүйл харанхуй болсон мэт мэдрэмж төрж байв. Хүлээн зөвшөөрч чадахгүй олон жил уйлсны эцэст хүүхдээ өөрөө хүмүүжүүлэх нь зөв юм байна гэдэг шийдвэрт хүрсэн. 

Манай ангид Б.Намуун гэдэг хүүхэд бий. F71 буюу олон улсын өвчний ангиллаар дунд зэргийн оюуны хөгжлийн бэрхшээл гэх оноштой. Намайг хоёр жил хүлээсний дараа, найман настайдаа манай ангид орж ирсэн.

Манай хүүхэд одоо 1000 дотор нэмж, хасаж, үржиж, хуваадаг. Мөн уншиж сурсан. Бичих чадвар нь ч нэлээд ахицтай явж байна.

Хэцүү санагдах үе байлгүй яах вэ. Заримдаа гэнэт ширээн дээр хөлөө гаргаж тавих, орилж хашхирах зэрэг үйлдэл гаргадаг. Тэр үед нь би өөртөө “Гантөмөр багш аа, та өөрөө энэ ажлыг хийхээр зорьсон учраас заавал үр дүнд хүрэх ёстой. Та энэ нийгэмд адилхан нэг хүүхэд бэлтгэж байгаа учраас тэвчих ёстой” гэж хэлдэг. 

Ингээд урт амьсгаа авч гаргаад “За миний хүүхэд ингээрэй, тэгээрэй” гээд л эхэлдэг. Одоо бол төрсөн ээж, охин хоёр шиг байдаг.

Сурагчаа зурах чадвар дээр нь тулгуурлаж хөгжүүлсэн

Манай ангийн хүүхэд зурах дуртай. Алим идэх их дуртай. Тиймээс улаан ногоон хоёр алим авчирч өмнө нь тавиад өнгийг нь ялгуулж, зуруулж эхэлсэн. 

Ингэж зурах чадварыг нь хөгжүүлсний дараа бодох, бичих чадвар дээр нь ажилласан. 

Өнгөрсөн хугацаанд миний ажигласан зүйл бол тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллахад ялгаатай байдлыг нь ойлгох хамгийн чухал юм байна лээ. Хамгийн сайн чаддаг нэг зүйл дээр нь тулгуурлаж, түүгээр нь дамжуулж бусдыг нь хөгжүүлж болдог.  

Би өөрийнхөө ангийнхаа хүүхдэд “Чи чадна” гэсэн итгэлийг үргэлж өгдөг. Чадахгүй байсан ч чадах ёстой. Өнөөдөр ганцхан тоо ч байсан хамаагүй бодоод гарвал тэр нь миний хувьд амжилт.  

Харин тэр зорилгодоо хүрч чадахгүй бол “Яана аа, миний хүүхэд өнөөдөр үүнийг чадахгүй явсан шүү” гээд өөрөө сэтгэлээр уначихдаг. Гэхдээ сурахгүй байна гэж хэзээ ч байдаггүй. “Оролдлого сайт оройд нь” гэдэг шиг заавал ахиц гардаг.

Тусгай хэрэгцээт хүүхдүүд нийгмээс гадуурхагдаж, орхигдож байгаа юм шиг санагддаг. Гэтэл тэр хүүхэд хөгжих ёстой. 

Түүнийг хөгжүүлэх сэтгэлтэй багш байх хэрэгтэй, сэтгэлтэй эцэг эх байх хэрэгтэй. Хүүхдийнх нь хөгжих ямар нэгэн талыг олж нээж чадвал хөгжих боломж маш өндөр байдаг.

Тусгай хэрэгцээт хүүхдийг олны дунд нийгэмшүүлэх хэрэгтэй

Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллахад гэр бүлээрээ нэг баг болж хамтдаа хичээх нь хамгийн чухал гэж боддог. Зөвхөн ээж нь ганцаараа бүх ачааг үүрээд, хүүхдийнхээ төлөө зүтгээд байж болохгүй. Аав нь ч оролцох ёстой, ах эгч нь ч ойлгож дэмжих ёстой. Гэр бүлийн бүх гишүүн багштайгаа хамтран ажиллаж чадвал тэр хүүхэд гарцаагүй хөгждөг.

Зарим эцэг эх багшаас их зүйл хүлээдэг. Сургууль дээр очоод л бүх зүйл шийдэгдчихнэ гэж бодох нь бий. Гэхдээ хүүхдийн хөгжилд хамгийн их нөлөөтэй хүмүүс бол багш биш, харин эцэг эхчүүд өөрсдөө байдаг. Хүүхэд өдөр бүр хамгийн их цагийг гэр бүлтэйгээ өнгөрөөдөг шүү дээ. Тиймээс гэр бүлийн орчин, хандлага, тэвчээр, ойлголцол нь хүүхдийн хөгжлийн суурийг тавьдаг гэж ойлгож болно.

Хамтын ажиллагааны үр дүнд манай ангийн хүүхэд сургууль дээрээ ч, ангидаа ч хүлээн зөвшөөрөгдсөн. Ээж нь хоёр жил орчим хамт хичээлд сууж, арга зүйд суралцсан. Одоо ойр тойрны хүмүүс нь манай хүүхдийг үеийнхэн дундаа маш сайн нийгэмшсэн, эрүүл хүүхэд болжээ гэдэг.

Ангийнхан нь хүртэл нэг өдөр ирэхгүй байхад “Яагаад ирсэнгүй вэ, багш аа?” гээд асууж, хайдаг болсон.

Гэрийн ажлаа хийхдээ ч хүүхдээрээ туслуулдаг байгаарай

Тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг эхийн хувьд өдөр тутмын гэр орны ажлаа  хамтдаа хийхийг хичээгээрэй. Жишээлбэл хог шүүрдэх, аяга угаах, тоос арчих, гутлыг нь өөрөөр нь үдүүлэх зэрэг нь бие даах чадвар, үүрэг хариуцлага, хөдөлмөрийн үнэ цэнээс гадна бодох, сэтгэх чадварыг нь давхар хөгжүүлж байдаг.

Нөхөр бид хоёр хүүхдээ ажил хийж сургахын тулд гэр хороололд амьдардаг. Байранд амьдарвал хүүхэд дөрвөн хананы дунд юу ч сурахгүй гэж боддог.  

Хүмүүс тусгай хэрэгцээт хүүхдүүдийг янз бүрээр хардаг. Гэхдээ тэр тусам олны дунд гаргаж нийгэмшүүлэх хэрэгтэй. Дэлгүүр дагуулж орж, худалдаа хийлгэхэд хүүхдийн сэтгэл өөр болдог.

Манай ангийн хүүхэд дэлгүүр орж худалдан авалт хийх чадвартай болсон. Анх ээжтэй нь ярилцаад худалдагчтай нь тохирч, яг юу авч байна, тооцоо хийж чадаж байна уу гэдгийг хоёр жилийн өмнөөс туршиж эхэлсэн. Одоо ганцаараа яваад л өөрт хэрэгтэйгээ авдаг болчихсон. 

-Багш хүний зүгээс танд бодлого тодорхойлогчдод дайх үг бий юу? 

-Сүүлийн үед тусгай хэрэгцээт хүүхдүүдийг 12 дугаар анги төгсөхөд тодорхой стандартын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтад оруулдаг болох талаар бодлого тодорхойлогчдод хэлж, санал хүргүүлээд явж байна. Ийм боломжийг бодлогоор нээж өгвөл шалгалтад оролцох, цааш суралцах хүсэлтэй хүүхэд олон бий.

Манай сургуульд ч гэсэн хичээлдээ сайн, их сургуульд сурах мөрөөдөлтэй хүүхдүүд байдаг. Гэхдээ өнөөдрийн шалгалтын тогтолцоо нь тэдний онцлогт төдийлөн тохирдоггүй. Хэрэв шалгалтын орчин, хугацаа, аргачлалыг нь бага зэрэг уян хатан болгож, тусгай хэрэгцээт сурагчдын нөхцөлд тохируулж өгвөл өөрийн чадвараар шалгуулах боломж нээгдэнэ.

Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь сургууль төгсөөд цааш сурах гарц хязгаарлагдмал байдаг. Тиймээс Элсэлтийн ерөнхий шалгалтад тодорхой зохицуулалттайгаар оролцох боломжийг бодлогоор бүрдүүлж өгөөсэй гэж хүсдэг. Энэ зөвхөн шалгалтад оруулах тухай биш, тэднийг ирээдүйд суралцах, нийгэмд оролцох боломжийг нээж өгч буй хэрэг гэж боддог.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.