Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
COP17 хурлын жинхэнэ шалгуур буюу байгальд ээлтэй 9 зарчим | Peak News

COP17 хурлын жинхэнэ шалгуур буюу байгальд ээлтэй 9 зарчим

Л.Дэлгэрмаа
08 сарын 11, 2026

Дэлхийн цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх бодлогыг хэлэлцдэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улс анх удаа зохион байгуулах гэж байна. Тус хуралд дэлхийн 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцоход бэлэн болжээ.

Байгаль орчин, цөлжилт зэрэг чухал шийдвэрүүдийг хэлэлцэх энэ хурал өөрөө байгальд хэр ээлтэй зохион байгуулагдах вэ гэдэг маш чухал шалгуур байдаг.

Учир нь олон мянган хүний байр, хоол, тээвэр, ус, эрчим хүчний хэрэглээнээс эхлээд хог хаягдал хүртэл байгаль орчинд тодорхой хэмжээний ачаалал үүсгэнэ. Үүнийг экологийн ул мөр гэж нэрлэдэг.

Тиймээс COP17-ын амжилтыг зөвхөн хурал шийдвэрээр төдийгүй эх дэлхий, байгальдаа ээлтэй зохион байгуулснаар хэмждэг зарчимтай.

Хүлээн авагч орны анхаарах үндсэн 9 зарчмыг танилцуулъя.

1. Хүн бүрд хүртээмжтэй байх

Хурлын танхим, барилга байгууламж, үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байх ёстой.

Тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам, лифт, хүртээмжтэй ариун цэврийн өрөө, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан чиглүүлэх тэмдэглэгээ, мөн дохионы хэлний орчуулга зэрэг нь үүнд багтана. Өмнөх хурлууд дээр ч хүртээмжтэй ариун цэврийн өрөө, тэргэнцэр, тэргэнцэр цэнэглэх цэгүүдийг ажиллуулж байжээ.

2. Байгальд ээлтэй зочид буудлыг сонгох

Хуралд оролцох олон хүний байрлах газар ч экологийн ул мөрд нөлөөлнө.

Тиймээс ус, эрчим хүчээ хэмнэдэг, хог хаягдлаа ангилдаг, дахин боловсруулах шийдэлтэй зочид буудал, байрлах газрыг сонгох нь чухал. Тухайлбал,

✔Алчуур, орны даавууг өдөр бүр солихгүй байх. Олон хоног байрлаж байгаа зочинд дахин ашиглах сонголт өгснөөр угаалгын ус, цахилгаан, угаалгын бодисын хэрэглээ буурдаг. 

✔Ус хэмнэдэг шүршүүр, крант, суултуур ашиглах, усны хэрэглээг хэмжиж хянах. 

✔Өрөөнд хуванцар савтай ус тавихын оронд дахин дүүргэдэг сав, ус дүүргэх цэг ашиглах. Жишээ нь Мьянмарын Green Key сертификаттай зочид буудал хуванцар савтай усыг дахин ашигладаг шилэн саваар сольжээ. 


3. Дотоодын хүнс, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах

Олон мянган хүнийг хооллохын тулд асар их хэмжээний хүнс, сав баглаа боодол шаардагдана. Гэхдээ олон улсын томоохон хурлууд үүнийг байгаль орчинд үзүүлэх нөлөөгөө бууруулах боломж болгон ашиглаж эхэлжээ.

Тухайлбао өмнөх COP арга хэмжээнд үйлчилсэн хоолны 95 хувь нь орон нутгийнх нь хүнс байсан бөгөөд хоол бүрийн нүүрстөрөгчийн ул мөрийг меню дээр нь харуулжээ. 

Иймээс дотоодод болон орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү ашиглавал тээвэрлэлтээс гарах хүлэмжийн хийг бууруулахад нэмэртэй юм. Мөн тухайн орон нутгийн малчин, үйлдвэрлэгчид төдийгүй жижиг, дунд бизнесүүдийг ч дэмжиж байгаа хэрэг билээ.

Мөн нэг удаагийн сав баглаа боодлыг багасгаж, үлдэгдэл хоолыг дахин ашиглах, бордоо болгох зэрэг шийдлийг хамтад нь төлөвлөх хэрэгтэй.

4. Нүүрстөрөгч бага ялгаруулдаг тээврийг сонгох

Томоохон хурал тухайн хотын замын ачааллыг нэмэгдүүлэхээс гадна нүүрстөрөгчийн ялгарлыг өсгөнө.

Үүнийг бууруулахын тулд оролцогчдыг нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлэх, явган болон дугуйн хөдөлгөөнийг дэмжих нь чухал. Хурлын албан болон үйлчилгээний тээвэрт цахилгаан болон нүүрстөрөгчийн ялгарал багатай автомашин ашиглахыг зөвлөдөг.

Жишээлбэл, өмнөх олон улсын COP хурлуудад оролцогчдыг нийтийн тээврээр зорчихыг дэмжиж, хурлын үнэмлэхээрээ нийтийн тээврийг үнэ төлбөргүй ашиглуулж байжээ.

5. Сэргээгдэх эрчим хүч ашиглах

Хурлын түр байгууламж, павильон, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжүүд их хэмжээний эрчим хүч хэрэглэнэ.

Боломжтой хэсэгт нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх, нүүрстөрөгчийн ялгарал багатай эх үүсвэр ашиглах нь хурлын экологийн ул мөрийг багасгах нэг шийдэл юм.

6. Нэг удаагийн хуванцар савтай уснаас татгалзах

Хүн бүр өдөр болгон нэг удаагийн хуванцар савтай ус хэрэглэвэл хэдхэн хоногийн дотор асар их хэмжээний хог үүснэ.

Үүнийг багасгах энгийн хоёр шийдэл бий:

  1. Оролцогчдод дахин ашиглах усны сав өгөх.

  2. Хурлын талбайд ус дүүргэх цэгүүдийг хангалттай байршуулах.

7. Павильонуудыг хурлын дараа дахин ашиглах

Хэдхэн хоног ашиглах тайз, тавилга, павильонуудыг хурлын дараа шууд хаях ёсгүй.

Анхнаас нь буулгаж, дахин угсрах боломжтойгоор төлөвлөж, хурлын дараа сургууль, цэцэрлэг, олон нийтийн байгууллага зэрэгт ашиглах боломжийг зохион байгуулагчид эрэлхийлэх ёстой.


8. Хогийг зөвхөн ангилах биш, үүсэхээс нь багасгах

Хогийн сав олноор байрлуулах нь хангалтгүй.

Ямар материал, сав баглаа боодол ашиглахаа анхнаас нь зөв сонгож, нэг удаагийн хэрэглээг багасгах хэрэгтэй. Үүссэн хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах тогтолцоотой холбох нь чухал.

9. Цаасгүй COP17 

Хурлын хөтөлбөр, газрын зураг, танилцуулга, илтгэл зэргийг заавал цаасаар хэвлэх шаардлагагүй.

QR код, аппликейшн, цахим платформ ашиглаж болно. Харин хэвлэх зайлшгүй шаардлагатай материалыг дахин боловсруулсан эсвэл байгальд ээлтэй цаасаар хэвлэдэг.


Ярихаас илүү хийж харуулах боломж

COP17-ын амжилтыг зөвхөн хэдэн хүн ирсэн, хэдэн хурал болсон гэдгээр хэмжихгүй.

10 мянган хүнийг хүлээн авахдаа Монгол Улс хэр бага хог үлдээв, ус эрчим хүчээ хэр хэмнэв, дотоодын бизнесүүдэд хэр их өгөөж үлдээв, хурлын дараа ямар ногоон шийдэл үлдэв гэдэг нь чухал үзүүлэлт болох юм.


эх сурвалж:https://unfccc.int/


Холбоотой сэдвүүд

cop17 байгальд ээлтэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.