Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Нойргүйдэл, үргүйдэл, мэдрэлийн гаралтай өвчлөлд зүү эмчилгээ өндөр үр дүн үзүүлдэг | Peak News

Нойргүйдэл, үргүйдэл, мэдрэлийн гаралтай өвчлөлд зүү эмчилгээ өндөр үр дүн үзүүлдэг

Хүдэрчулууны Хулан
03 сарын 23, 2026

Өвөрхангай аймгийн "Ананд хужирт" рашаан сувиллын зүүний эмч, докторант Т.Цэрэннадмидтай байгалийн эмчилгээний шавар болон зүү эмчилгээний ач тус, ялангуяа нойргүйдэл, үргүйдэл зэрэг түгээмэл тулгамдсан асуудалд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа. Тэрбээр салбартаа 15 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай эмч юм. 



-Зүүний эмчилгээг олон талын ач тустай гэдэг. Хамгийн гол ач тус нь  юу байдаг юм бол. Ялангуяа хаврын улиралд зүү эмчилгээ хийлгэх нь ямар давуу тал, ач холбогдолтой вэ?

- Зүү эмчилгээ хүний биеийн биологийн идэвхит цэгүүдийг идэвхжүүлдэг. Мөн био энергийн урсгалыг тэнцвэржүүлж өгдөг 5000 жилийн түүхтэй эмчилгээний арга юм. Үүнээс хойш улам бүр хөгжиж төгөлдөржсөөр орчин үед техник технологитой хослон үр дүн нь улам сайжирч байна. 


-Уламжлалт анагаах ухааныг дорнын орнууд өөр, өөрийн улс орны иргэдийн бие, эрүүл эд, ахуйд тохируулан хөгжүүлж ирсэн. Тухайлбал, зүү эмчилгээг хятадын уламжлалт анагаах ухааны салбарынхан түлхүү хэрэглэдэг. Тэгвэл монгол хүмүүст энэ эмчилгээ хэрхэн үр үр дүнгээ өгч байна вэ?

-Зүү эмчилгээ монгол, хятад хүнд өөр өөрөө үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Яг адилхан үр дүн гаргадаг. Монголын нөхцөлд зүү эмчилгээний үзүүлж буй онцгой гурван үр дүнг дурьдвал, нойргүйдэлт,  үргүйдэлт, мэдрэлийн ядаргааны гаралтай өвчнүүдийг илааршуулж байна. 



Зүүг хүний биологийн цагтай уялдуулж тавих нь үр дүнтэй

-Эдгээрээс сүүлийн үед хамгийн их үзүүлж, оношлуулж буй өвчлөлийг нэрлэхгүй юу?

-Нийгмийн хөгжил, хувь хүний амьдралын хэв маяг, стресс, хоол хүнсний хэрэглээ, бусад шалтгааны улмаас нойргүйддэг болжээ.

Үзлэг, оношлогоо хийж буй хувийн туршлагаасаа харахад 10 хүн тутамд 6-аас дээшхи нь ямар нэгэн байдлаар нойргүйдэлтэй байна. Эдгээр хүмүүс голдуу 35-аас дээш насныхан буюу залуу хүмүүс байгаа юм.  


-Хүмүүс нойргүйдлийг өвчин гэж хүлээж авдаггүй тал бий. Нойргүйдэл урт хугацаандаа ямар сөрөг нөлөөтэй вэ?

Нойргүйдэл эхлээд хүнийг эрч хүчгүй, хөдөлмөрийн чадваргүй болгодог. Цаашлаад тархи хангалттай амарч чадахгүй, удаан хугацаанд үргэлжилбэл танин мэдэхүйн чадвар буурах, ой санамжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн сэтгэл түгших, сэтгэл гутралд өртөх магадлал нэмэгдэнэ. 

Үүнээс гадна бие физиологийн хэвийн байдал алдагдаж, бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Даавар, бодисын солилцооны тэнцвэр алдагдсанаар өөр олон өвчний суурь болох эрсдэлтэй.

-Хүмүүс ихэнхдээ нойргүйдлээ нэг л үл ойшоогоод байна уу даа?


– Үл ойшоогоод зогсохгүй, буруу аргаар эмчлэх гэж оролдож байна. Мэргэжлийн бус хүмүүсийн ам дамжсан мэдээлэлд итгэж, тохирохгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэх нь элбэг. Ингэснээр шинж тэмдгээ түр дарах боловч өвчнөө улам хүндрүүлээд ирж байна шүү дээ.

Жишээ нь, нойрны наалт гэх мэт үр дүн нь нотлогдоогүй бүтээгдэхүүн хэрэглэж байна. Эсвэл “магни сайн” гэж дур мэдэн хэрэглэсээр байгаад булчин сулрах зовуурьтай болсон хүмүүс ч ирдэг. Тиймээс нойргүйдлийн шалтгаанаа зөв оношлуулж, тохирсон эмчилгээ сонгох нь хамгийн чухал.


-Зүү эмчилгээ нойргүйдэл өвчнийг хэр хугацаанд анагааж, үр дүнгээ өгч байна вэ?

-Стресс, сэтгэлзүйн шалтгаант, эрдсийн дутагдалтай холбоотой, мөн эмэгтэйчүүдийн даавар, цэвэршилтийн гаралтай нойргүйдэлд зүү эмчилгээ өндөр үр дүнтэй. 

Зүүг хүний биологийн цагтай уялдуулж хийх нь илүү үр дүн өгдөг.

Харин эмчилгээний хугацаа үр дүн нь тухайн хүний нас, нойргүйдлийн шалтгаан, үргэлжилсэн хугацаа, амьдралын хэв маяг, гэр бүлийн орчноос шалтгаална. Ерөнхийдөө 7-14 хоногийн эмчилгээний дараа үр дүн ажиглагддаг. Гэхдээ сэтгэцийн асуудал болтлоо хүндэрсэн, удаан хугацаанд архагшсан тохиолдолд бүрэн эдгэрэлтийг шууд амлах хэцүү. Эдгэсэн ч сэдрэх гээд байдаг талтай.


-Танай сувилал байгалийн шавар эмчилгээг брэнд болгосон гэдгээрээ алдартай. Шавар эмчилгээ, зүү эмчилгээ хоёрын зохицол хэр үр дүнтэй байдаг вэ?

-Тайвшруулах, булчин суллах, нойргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй манай эмчилгээний  шавар болон рашааны агууламжид байдаг учраас нойргүйдлийг үр дүнтэй эмчлэхэд дэмжлэг болж өгдөг.

Эрдэс бодистой шавар, рашаан арьсанд нь нэвчиж цусан хангамж сайжирч бодисын солилцоо нь идэвхижээд, амарч тайвширчихсан биед зүү эмчилгээг хийснээр нойргүйдлийг богино хугацаанд анагаах нөхцөл бүрддэг.

Азийн улс орнуудад, ялангуяа японд яг ийм төрлийн эмчилгээг хийдэг, үр дүнтэйг нь хэдийнэ нотолчихсон. 


-Эмчилгээ үр дүнтэй болсны дараа тухайн хүнд ямар өөрчлөлтүүд харагддаг вэ?

-Харилцахад маш тайван, амгалан болчихсон байдаг. Унтдаг болоод тархи нь амраад ирэхээр хүний сэтгэл зүйн асуудал нь хэвийн болчихсон, харилцаа хандлага ч сайжирчихсан нь ил мэдрэгдэнэ шүү дээ. Бие махбодынх нь эрүүл мэнд ч сайжирчихдаг.

Нойргүйдэлд орсон хүний ааш догшин түрэмгий болдог бол заримынх нь харц гөлийгөөд ярьж байгаа зүйлээ ч ойлгохгүй болчихсон байдаг.

Манайд хамгийн урт хугацаанд нойргүйдлээр өвдсөн 65 настай эмэгтэй байсан. Хань ижлээ алдсанаас болоод найман жилийн турш нойргүйдлээр шаналсан юм билээ.  Гэр бүлийнхэн нь хүртэл тэр эмэгтэйг дагаад хүнд байдалд орчихсон, өвчтөн өөрөө сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлгүй болчихсон байсан юм. 12 хоногийн эмчилгээний дараа хэвийн нойртой боллоо гээд баярласандаа уйлаад л байсан.

Өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээ хийхийн тулд эмч нар маань судас оношлогоо хийдэг. Эмчилгээний маань үндсэн зарчим нь уламжлалт анагах ухааны онолын дагуу тохирсон эмчилгээ хийж хүний биеийн тэнцвэрт байдлыг бүрдүүлэхэд оршдог. 


-Нойргүйдлийг үүсгэхэд  давамгайлж байгаа хүчин зүйл юу байна вэ?

-Харьцангуй залуу хүмүүсийн хувьд ихэвчлэн бамбайн дааврын алдагдлаас нойргүйдэл үүсдэг учраас хүмүүст нойргүйдлээ хүндрэхээс өмнө оношлуулж эмчилгээ хийлгээрэй гэж захья.


Үрийн суваг нарийссаныг зүү, "шавар тампон" эмчилгээгээр засдаг

-Зүүний болон шавар эмчилгээ үргүйдлийг мөн өндөр дүнтэй эмчилж байгаа талаар ярилцлагын эхэнд та дурьдсан шүү дээ?

-Шавар болон зүү эмчилгээгээр умайн булчингийн чангарлыг сулласнаар хүүхэд тээх таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг юм. Мөн үрийн суваг нарийссаныг зүүний тусламжтайгаар сэргээдэг. Өндгөн эс ялгаралтыг дэмжих, өндгөн эсний үр тогтолтыг сайжруулах эмчилгээг сарын тэмдгийн хуанлитай нь уялдуулаад эхнэр, нөхөрт хамт хийх тохиолдол ч байна. Шинжилгээгээр үр тогтох бүрэн боломжтой гэж гарсан боловч үр тогтохгүй байгаа хүмүүст энэ эмчилгээ үр дүнгээ өгдөг. Үрийн сувгийн нарийсал болон үр тогтооход хангалттай хэмжээний дулаан байж чадахгүй байгаа  “хүйтэн умай”-г “шавар тампон” гэх эмчилгээгээр илааршуулж болдог. Ер нь эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт, цэвэршилтээс үүдэлтэй хүндрэлийг багасгахад байгалийн эмчилгээ ихээхэн үр дүнтэй байгаа нь харагдаж байна. 




 -Таниар эмчлүүлээд үр хүүхэдтэй болсон хүмүүс мэдээж байгаа байх?

-Хоёр тохиолдол бий. Нэг нь тамирчин гэр бүлийн хоёр байсан. Маш их биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийдэг, уургийн бэлдмэл байнга хэрэглэдэг учир дааврын тэнцвэрт байдал нь алдагдсан байсан. Эмчилгээ амжилттай болж тэд үр хүүхэдтэй болоод аз жаргалтай амьдарч байгаа. Нөгөө хос бол 40 гарсан хойноо буюу хожуу гэрлэсэн хүмүүс байсан.  


-Зүү эмчилгээнд эргэлздэг хүмүүс байж магадгүй. Тэр хүмүүст зориулж та юу хэлэх вэ?

-Хүмүүст байдаг нийтлэг айдас нь гам алдах. Үүнээс айх хэрэггүй. Өөрийгөө дулаан байлгаж, хоол ундны дэглэм сахих гэх мэт мөрдөж болох амьдралын хэв маягууд л байдаг. 

-Ярилцсанд баярлалаа.

Энд нэмэхэд, Хужирт сумын Халуун рашаан нь газрын гүнээс оргилох 55-60 градусын байгалийн халуун ус бөгөөд хүхэрлэг шинж чанарыг агуулсан, бичил эрдсээр баялаг, хийн найрлага өндөр өвөрмөц шинжийг агуулснаараа онцлог юм. Аливаа рашаанд агуулагдах ашиг шимт, эрдэс бодисын найрлагаас шалтгаалан хүний биеийн аль нэг эртхэнд зориулж дотроос нь уудаг эсвэл өвчтэй хэсэгт хандуулан биеийн гадаргуугаар дамжуулж шингээх замаар гаднаас нь эмчилдэг гэж ялгагдана. Хужиртийн рашаан  зөвхөн биеийн арьсаар дамжуулан эрдэс бодис, бусад агууламжийг биед  шингээх учир ванн, шүршүүрт орох хэлбэрээр болон бусад аргаар арьсанд нэвчүүлж  эмчилгээнд ашиглана. Хужиртын халуун рашаан нь хүний мэдрэлийн эрхтэн тогтолцоо, цусны эргэлтийн тогтолцоо, бөөр, шээс, бэлгийн замын эмгэг, тулгуур эрхтэн, яс, булчин, үе холбох эдийн эмгэг, элэг, цөс, ходоод, гэдэс хоол боловсруулах зарим эмгэг, эмэгтэйчүүд, арьс харшлын өвчний олон хэлбэрээр хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдийг анагаах гайхалтай эерэг үр нөлөөтэй. Бодисын солилцоог сайжруулах, бие махбодыг хоргүйжүүлэх, дааврын солилцоог дэмжин биеийг сэргээдгээрээ онцлогтой билээ. Хужиртын халуун рашаан нь газрын гүнийн 120 метрээс ундардаг бөгөөд сулавтар радонт, гидрокарбонат, карбонат-натрийн, бага эрдэсжилтэй, шүлтлэг химийн найрлагатай аж.



Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.