Б.Баясгалан
10 сарын 16, 2019
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр буюу яам бүрийн хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар хэлэлцжээ.
Тэдгээрээс Зам, тээврийн хөгжлийн яамны ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудаас тоймлон хүргэж байна.
-Шат дамжлага, давхардлыг арилгаж, уян хатан, оновчтой удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн үр дүнтэй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалттай болно.
-Бодлогод суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зохицуулалт бий болгоно.
-Эдийн засгийн өсөлтийг хангах чанартай, хүртээмжтэй үндэсний зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эрэлт, хэрэгцээнд нийцсэн аюулгүй, тогтвортой тээврийн сүлжээ бий болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлнэ.
-Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулна.
-Сайншанд-Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км замыг барьж эхэлнэ.
-Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийнэ.
-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барьж эхэлнэ.
-Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай авто зам барина.
Бусад яамны ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудыг тоймлосныг ЭНД дарж уншина уу.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.